Хөтөлбөрийн тухай
Чингис хаан Үндэсний музейн "Их Монгол улсын танхим"-д дэглэгдэж буй Их Монгол улсын эзэн хааны тамгыг сэргээн хийсэн загварыг үзэгчид үзэж танилцана. Ромын пап IV Иннокентийн элч Плано Карпини 1246 онд Хархорумд ирэн Их Монгол улсын эзэн хаан Гүюгт пап ламын захидлыг гардуулжээ. Гүюг хааны хариу захидлыг монгол хэл, бичгээр бичиж, латин болон сарацин (перс) хэлээр орчуулж хавсарган пап ламд илгээсэн байна.
Ватиканы нууц архивт хадгалагдаж байсан тэрхүү захидлын перс хэлний орчуулгыг Польшийн эрдэмтэн Кирилл Каралевски 1920 онд олж илрүүлэн, Францын эрдэмтэн П. Пеллио 1923 онд уг захидлын тамгын бичгийг уншиж судалгааны эргэлтэд оруулсан байна. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Их Монгол улсын эзэн хааны тамгын бичгийн утга, үзэл санааг тайлбарлан таниулна. Түүнчлэн XIII зууны монгол хэл бичгийн төдийгүй төрт ёсны хосгүй үнэт дурсгалын ач холбогдол, үнэ цэнийг үзэгчдэд мэдрүүлэх, үндэс угсаа, хэл соёлоо бахархан дээдлэх үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий хөтөлбөр юм. Хөтөлбөрийн үеэр оролцогчид тамгын бичгийн дардсыг ил захидал дээр дарж урлан, хайртай хүндээ захиа бичин дурсгах боломжтой.
Хэрхэн оролцох вэ?
- 1Хөтөлбөрөө сонгоно
Насны бүлэг, сонирхол, хугацаанд тохирсон хөтөлбөрөө жагсаалтаас сонгоно.
- 2Урьдчилан бүртгүүлнэ
Цахим бүртгэл эсвэл +976 7021-2222 утсаар өдөр, цаг, оролцогчдын тоогоо мэдэгдэнэ.
- 3Музейд ирж оролцоно
Товлосон цагаасаа 10 минутын өмнө ирж боловсролын ажилтантай уулзана. Хөтөлбөр 20 минут үргэлжилнэ.
